Очыг нь олж өгөхсөн, олж авахсан!

Enxjin Mungunshagai
3 min readMar 3, 2022

--

Учрах ёстой хүмүүс учирч, таарах ёстой хүмүүс тааралддаг тавилан гэж хүмүүс их хэлдэг дээ.

Би өнөө өглөөхөн Katy Perry-Firework гэдэг дууг сонсоод клипыг нь үзэж байлаа. Ямар гоё утга агуулгатай клиптэй байсан юм бээ? 2010 онд нийтлэгдэж байсан байна. Бүүр одоогоос 12 жилийн өмнө.
Хөөх, уртаа хугацаа байна шүү. Тухайн үед жоохон ч байж дээ. Энэ дууг сонсож байхдаа Katy эгчийн үсийг нь л “ямар гоё өнгөтэй байнаа” гээд үсээ хүртэл нил ягаан өнгөөр сорлуулж байснаа сайн санадаг юм.

Гэтэл өнөөдөр клипыг нь үзэхдээ Katy эгчийн үсэнд биш харин утга учир, дууны үгэнд илүү анхаарал хандуулан сонслоо. Гайхалтай. Зүгээр л гайхалтай. Клип үзээд огшсон гэж.

Тэгэхэд л дотор минь оч асах шиг болон шууд л энэхүү талаараа бичих ёстой юм байна гэж бодсон юм.
Сонин шүү, хүний онгод болоод оч гэдэг зүйл хаанаас л бол хаанаас гарч ирж мэдэх нууцхан бяцхан золиг.

Тэгээд нөгөө Disney-н гаргасан animation байдаг даа “Soul” гээд. Эгдүүтэй бяцханууд байдаг.
Хүмүүний амьдралруу явах өөрийн очоо олж байж илгээгддэг. Тэрэн шиг л. Хүн бүрийн амьдралд ямар нэгэн оч гал байж л энэ уртаас урт амьдралыг туулдаг байх гэдэгт үнэхээр итгэдэг шүү.

Магадгүй тэрхүү очоо олчихвол амьдрал тийм ч уйтгартай биш, утга учиртай байна байх. Өөрийн энэ хором минут бүрээ хайрлаж, өөрийгөө хайрлаж, өрөөлийг ч хайрлаж, ууж идэж байгаа бүхнээ тамшаалан хүртэж, жаргах нарыг ч хайрлах болно гэж боддог.
Жаргал нь ч жаргалтай байж, уйтгар гуниг нь ч утга учиртай байх болно.

Тэгээд би чинь өөрийнхөө очыг олчихсон билүү гээд бодсон чинь “Хммм харин л дээ. Олчихсон. Гэхдээ мөн үү, эсвэл өөр оч байгаа болов уу” гэсэн эргэлзэнгүй бодол бодогдож байх чинь. Сонин л юм.
Яагаад тийм их итгэлгүй байна вэ?

Ингэж бодоод өөрийгөө гайхаж байлаа. Тэгээд үүндээ гаргалгаа хайхаар шийдлээ.

Гэхдээ надтай адилхан нэг эсвэл мянган хүн байгаа гэдэгт итгэлтэй байна. Яагаад гээч, хүний амьдралд ёстой нөгөө есөн бусын зүйлс л тохиодог. Сайхан, муухай. Жаргалтай, гунигтай бүүр заримдаа эгдүүцэл ч хүрмээр үе. Таамаглашгүй юм.

Гэнэт л өнөөдрийн мэдээнд нэг охин найзыгаа кофегоор түлсэн л гэнэ. Орос Украйны дайн л гэнэ. Мэдэхгүй дээ, улс орон дэлхий ертөнц, ажил төрөл, гэр орон гээд л бид юу тохиолдохыг таамаглашгүй учраас тэрхүү олон таамаглашгүй мэдээ мэдээллүүдээс болоод өөрийн олсон “Оч”-оо унтраах нь их бий.

Энэ яг би. Би өөрийнхөө амьдралын утга учрыг олсон. Амьдралын зорилгоо ч тодорхойлж чадсан.

Гэхдээ дээр дурдсан олон хүчин зүйлсээс шалтгаалан миний болон бидний бяцхан оч минь бүдгэрч заримдаа гэрэлтэхээс ч ядардаг юм шиг санагдсан.

Яг л Katy эгчийн гоё дууг сонсоод амьдрал минь ямар гоё өнгөтэй болоод аз жаргал, эрч хүчийн гормон нэмэгдсэнийг гайхахгүй л юм.

Тиймээс өдөр тутамд бидний “Оч”-г минь унтраадаг, унтраах, бүдгэрүүлэх зүйлс их л тохиолдох болно. Тэр бүгдэд шантралгүйгээр, магадгүй чиний очыг өнгөлж өгөх, улам чиний очыг асаах хүнтэй хамт байгаарай.
Очыг чинь улам гэрэлтүүлэх зүйлстэй хамт байгаарай.

Амьдралд тань учирсан хүн бүр утга учиртай. Чиний амьдралыг хурцалж өгөх, дэм болох, хань болох, аз жаргалтай болгох, сургамж болох хүмүүс байдаг. Учрах ёстой болоод л учирч, уулзах ёстой болоод л уулздаг юм шүү. Итгээрэй.

Магад чи тэнгэрт улам гялалзаж, бусдын очыг асаах ч юм билүү.

Би энэ үгэнд зүгээр л дуртай. “Be the light!”

--

--